Friday, August 11, 2006

Хөршөө олсны дараа яах вэ

Грекийн тухай яриа маань гол цөмдөө ороогүй байхад шал өөр юм уруу санаа маань хальтраад орчихлоо. Хар гэртээ хаан, бор гэртээ богд, блог дотроо онцгой эрх эдэлж буй “хааны” хувьд дураар аашлахыг өршөөнө үү.

Киото их сургуулийн Хуулийн факультетын барилга гэж нэг манай МУИС-ийн 1, 3 дугаар байрыг нийлүүлсэн шиг урт сунасан тийм ч томгүй авсаархан байшин байдаг. Намайг анх энд ирэхэд энэ барилгын баруун хагас нь орчин үеийн маягаар засварлаж тохижуулсан газар хөдлөлтөд илүү тэсвэртэй, зүүн хагас нь хагас зуун жилийн өмнөхөөрөө агаад газар хөдөлбөл нурж унах аюултай байсан юм. Яахав, Киото хот угаас газар хөдөлдөггүй гэлцдгийн дээр төсөв мөнгөн дээрээ сургуулийн захиргаа гар нь татагнаад барилгын хагасыг нь бэхлээд хагасыг нь тэгж байгаад сайжруулна гээд хаячихсан хэрэг. Гэтэл 2004 оны дүн өвөл дөхөж байхад Нийгатад аймшигтай газар хөдлөв. Киотогоос шулуун шугам татаад хэмжээд үзвэл тийм ч холгүй. Бажга авсан сургуулийн захиргаа хэл ам гарахаас өмнө нөгөө талаа барилгын нэг компаниар бараг жил тойрон бэхлэх ажлыг гүйцэтгүүлсэн билээ. Ямар нэг томоохон хэрэг явдал гарч байж, нөхцөл байдал урагшилдаг тал байдаг шиг байгаа юм.

Энэ оны 7 сар гараад Хойд Солонгос Япон тэнгис үрүү зүглүүлсхийгээд долоон пуужин харваадхав. Японы хажууханд “хатуу самар” оршсоор байгаад энэ хэрэг явдал сануулсан хэрэг. Мэдээж Хойд Солонгосын заналын талаар Японд зөндөө ярьдаг хэлдэг улс төрчид, судлаачид, сэтгүүлчид байдаг. Гэхдээ олон нийтэд аюул занал хичнээн ойр байгааг энэ долоон пуужин харуулснаар тэднээс санал цуглуулж, “ажилтайгаа золгодог” улс төрчдийг эрчимтэй хөдлөхөд хүргэлээ. Өөрөөр хэлбэл, Хуулийн факультетын барилга засварт орсонтой адил зарчим энд үйлчлэв.

Ерөнхий сайд Коизумигийн Монголд хийж буй айлчлалын гол зорилго маш тодорхой агаад энэ нь Хойд Солонгостой дипломат харилцаатай байгаа Монгол улсад Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужин, хулгайлагдсан иргэдийн асуудлаар түшмэдүүдийн төвшинд ярилцах сувгийг нээхэд оршиж байлаа гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Коизуми Энхболдод “Ач хариулсан тогоруу” хэмээх хүүхдийн номыг бэлэглэж, Монгол хүүхдүүдийн сурах бичигт ашиглахыг хүсчээ. Энэ номонд нэг залуу шархадсан тогоруу эмчлэн эдгээгээд тавьсны хариуд тогоруу үзэсгэлэнт бүсгүйд хувилан ирж, залуугийн эхнэр болоод нүднээс далд тогоруундаа хувилан өөрийн биеэс зулгаасан өдөөр торго нэхэж өгдөг тухай гардаг юм. Япон ардын үлгэрээс бага насандаа үзэж гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ ном Япон улсын тусламжийг хүртэн амьдарч буй бидний хувьд ач тусыг санах цаг ойртсоныг битүүхэн сануулж буй мэт гээд хэлчхэд бас хэтрүүлэг болохгүй буй за. Монгол улсын хувьд гуравдахь хөрш ойртож ирснийг харуулж буй нэг жишээ энэ.

Ийнхүү Орос, Хятад, Хойд Солонгос, Япон, Америкын дундах тоглоомд Монгол улс оролцож эхлэв. Хойд Солонгосын асуудлаар Орос, Хятад аядуу зөөлөн байр суурь барьж, Япон Америк хатуухан байр суурьтай явж ирсэн байдаг. Энэ дунд Монгол улс хавчигдах нь. Дээр нь бас ОХУ-тай энэ оны 7 сард Засгийн газрын Фрадковын Монголд хийсэн айлчлалын үеэр Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурчихсан байдаг. Энэ протоколд хоёр улсын ГХЯ-дууд “НҮБ, олон улсын бусад байгууллага болон олон улсын чуулга уулзалтад хамтран ажиллах, хоёр улсын харилцааны болон бүс нутгийн асуудлаар бүх түвшинд зөвлөлдөж байх” гэсэн заалт орчихсон цохиж яваа.

90-ээд оноос хойш гуравдахь хөршөө хайж ирсэн Монгол улсад Хойд Солонгос харин гуравдахь хөршийг маань бодит байдалд арай дөхөм утгаар нь хөтлөөд ирж байгаа шинжтэй. Гуравдахь хөршөө хайсан гадаад бодлогоос гуравдахь хөршөө олсны дараах гадаад бодлого илүү хонжоотой ч илүү эрсдэлтэй байхыг үгүйсгэхийн аргагүй. Монголын гадаад бодлого нэг шинэ шатанд гарав. Чадвартай,эх оронч агаад зөв сэтгэлтэй үндэсний боловсон хүчин Монголын тусгаар тогтнол болон хөгжлийн замыг батжуулна.

Коизуми энэ 9 сард улс төрийн өндөрлөгөөс бууна. Гэхдээ түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон орон зай нээж орхилоо.

Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2004.8.11

Thursday, August 10, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь -2

Тэр эхлээд Грекийн газар нутгийн гуравны хоёрыг Персүүдэд эзлүүлэн, Афин хотоос иргэдийг Саламин аралд нүүлгэн шилжүүлж, их армиа Саламины буланд байрлуулна. Хэдийгээр Грекийн газар нутгийн ихэнх хэсэг персүүдэд эзлэгдсэн ч Грекийн арми ямар ч хохирол амсалгүй харийнханд үхлийн цохилт өгөхөөр Фемистоклийн гар доор тулаанд зэхэж байсан хэрэг. Энэ тактикийг мянга таван зуун жилийн дараа Оросын Кутузов жанжин Напалеоны эсрэг хэрэглэж, хоосон Москвад Францын армийг урхидан оруулсан байдаг.
Ксерксийн арми төрөлх хотыг нь талж, түймэрдэн шатаахыг Саламины буланд нуугдсан Афины цэргүүд чихээр сонсч, түймрийн утаа суунаглахыг нүдээр харж байлаа. Тэд төрөлх хотоо харийнханд харсаар байтал булаалган талуулж буйдаа сэтгэл өвдөн, тулалдах мөчөө тэсч ядан хүлээж байв. Чухам үүнийг л Фемистокл хүссэн ажээ. Ксеркс хаан хот талан цөс хөөрсөн их цэргээ Афины цэргийг мөшгихөөр тэнгисийн тулалдаанд оруулав. Түүхэнд Саламины хэмээн алдаршсан тэнгисийн тулалдаан Персийн флотын бүрэн ялагдлаар дуусдаг. Фемистокл мэдээж Саламины тулалдаан хүртэл Персийн армид газар нутгаа зүгээр л дэвсээд өгчихсөнгүй. Энэ хооронд олон том жижиг “Бородино” байсан нь ойлгомжтой. Үүнээс хамгийн сэтгэл хөдлөм тулалдааныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Спартын хаан Леонидын толгойлсон Спартын шилдэг гурван зуун дайчин Фермопилах хавцалд Персийн армийн тогтоон барьж, сүүлчийн спарт дайчин амь үрэгдэх хүртэл эцсээ хүртэл тулалдсан гэдэг. Эр зоригийн энэ дуулийг гэрэлт хөшөөнөө зүрх хайлан мөнхлөн бичжээ. Махчилбал, “Харийн хүн минь, эх нутгаа хайрлаж, түүнд амиа өргөсөн дайчид энэ газарт мөнх нойрсож буйг Спартчуудад дуулгагтун”.