Tuesday, May 26, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа

Элбэгдоржийн ялалтыг талбай дээр нижгэр тэмдэглэж, салют хүртэл буудууллаа. АН-с нэр дэвшигч ийнхүү ялж буй нь 12 жилийн дараа тохиож байгаа болохоор, 7 сарын 1-ний хэрэг явдлаас хойш АН-ын байгуулсан хамгийн том ялалт болохоор, Энхбаяр хэмээх яаж ч болдоггүй том уулыг нураасан болохоор гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энд би сонгуулийг аль болох хөндлөнгийн өнцгөөс харахыг оролдохын сацуу хувийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
  • Энэ сонгууль бүхэлдээ хар пиар, сэтгэл хөдлөл давамгайллаа. Бодлого, үзэл суртлын шинж чанартай асуудал гэвэл шударга ёсыг тойрч эсрэгцлээ. Гэхдээ Элбэгдоржийн яриад байгаа ШУДАРГА ЁС-ны талаар Энхбаярын талаас хариуцлагатайгаар, бодлогын шинж чанартай хариулт өгч чадсангүй. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Хар пиарууд: Сүрэнхорын захидал, Солонгос дахь Элбэгдоржийг дэмжих клубын асуудал, Элбэгдоржийн гарал үүслийн талаарх цуу яриа гм. Энэ хар пиар дотроос Сүрэнхорын захидал, Элбэгдоржийг дэмжих клубын асуудал ер нь цаашид нухацтай авч үзэх ёстой асуудал байсан болов уу.
  • Хоёр нэр дэвшигч амлалтаараа уралдах гоомой хандлагаа аанай л давтлаа. Энхбаяр оюутны сургалтыг төлбөргүй болгох талаар амлатал Элбэгдорж бүр тэтгэлэг олгох талаар ярив. Энхбаяр улиг болсон 1.5 саяын эх орны хишгийг амлахад Элбэгдорж 2.5 саяыг амлалаа. Энхбаяр морь унаж яваагаа сурталчлахад Элбэгдорж бүр уурга бариад адуун сүрэгт шунган орж байгаа дүрсээ гаргаж амжив.
  • Энхбаяр монгол бичгээр бичиж, есөн хүслийн амлалт гаргаж, дээл өмсөн, уламжлал, билэгдлийн талыг түлхүү барьсны зэрэгцээ малчдыг татвараас, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх гэх мэтээр хөдөөд анхаарлаа хандуулжээ. Элбэгдорж харин эхнээсээ л хотын сонгогчдоо анхаарч, билэгдэл энэ тэр гэсэнгүй. МАХН угаас хөдөөд хүчтэй байдаг. Японд бол төрийн эрхийг олон жил барьсан ЛАН хөдөөдөө хүчтэй байдаг. Төрийн эрхэнд удсан нам хөдөөд хүчтэй, хотод сулхан байдаг нэг тийм хандлага байна. Тиймээс хотын сонгогчдоо илүү анхаарах ёстой байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна.
Бүхэлд нь харахад популизм, хар пиар, сэтгэл хөдлөл энэ сонгуульд давамгайлах хандлагатай байв. Сонгогчид бид бэлэн амлалтаас бэлэн амлалтын хоорондох сонгуульд дэндүү дасчихаж уу дээ.

Wednesday, May 06, 2009

Солонгос жүжгээ гэж

Үнжээ гэдэг хүүхний тухай өгүүлдэг "Эхнэрийн урхи" жүжиг өчигдөр хөшгөө хаалаа. Улаанбаатарчууд нэлээд үзсэн бололтой. Манай гэр бүлийн хүн үзээд байхаар нөгөө идэвхгүй тамхи таталт гэдэг шиг алдаг оног үзсэн юм. Байдаг л савангийн дуурь. Нөгөө сувгуудаар "Дорнын диваажин", "Сайн нь ч муу нь ч" гэх мэт олон ангит Хангүг жүжгүүд ар араасаа цуварч байна аа. Үүний өмнө Солонгосын хааны ордон, тайганууд гардаг жүжиг яваад л байсан. Орчуулга талаасаа ер нь дажгүй шүү. Гэхдээ солонгосчуудын зэрэг зиндаагаараа дуудалцдаг ёсыг нь тэр хэвээр нь үлдээж орчуулсан бололтой. Ойлгомжтой юман дээр л "Ким захирал", "Ким хүргэн", "Ким тайган", "Тончоолын аав" (Тончоол гэдэг хүүгийн аав буюу нөхрөө дуудаж байгаа юм) гэх мэт манайхаар бол инээдтэй орчуулга чихэнд чийр уях юм. Зүгээр л Ким ээ, эсхүл захирал аа гэхэд хангалттай.

Солонгосчууд өөрийн соёлын нөлөөгөө дэлхийд түгээх бодлогыг нэлээд хэдэн жилийн өмнө боловсруулж, амжилт олж байна. Соёлын үйлдвэрлэл нь ч Азийг байлдан дагуулж, Солонгосын soft power хүчирхэгжиж байна. Мөнгө ч олж байгаа байх. Монгол ч гэсэн соёл, уламжлалаараа гайхалтай улс. Бидэнд соёлын үйлдвэрлэлийн салбар нээлттэй байна. Сүүлийн үед Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад монгол кинонууд үзэгчдээ байлдан дагуулах болов. Саяхан тв-р "Гурван өдөр хоёр шөнө" киног үзлээ. Тун аятайхан кино байна лээ. Монголын кино урлаг сэргэж байна. Бидэнд кино экспортлох цаг үе ойрхон ирлээ.