Tuesday, October 27, 2009

Хуулийг яаж ойлгох вэ?

Сүүлийн үеийн асуудлаар хувийн бодлоо дурдах гэсэн юм. Буруу зөрүү байх нь мэдээж. Мэргэн уншигч тунгаана биз.

Ерөнхий сайд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө барилаа. УИХ-ын намуудын бүлгийнхэн зурагтаар ярихыг сонсоод байх нь ээ, "Ерөнхий сайд, /таслал/ Засгийн газрын гишүүд" гэж ярьж байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь Засгийн газрын кабинетэд үл хамаарна, тэгэхээр орных нь ЕС-ыг томилчиход асуудал шийдэгдэнэ гэсэн маягийн тайлбар тавиад байна. Үндсэн хуулийг сөхөөд үзвэл,

40-р зүйлийн 2-т,
"Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно."
43-р зүйлийн 2-т,
"Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэжээ.

Энд ямар нэгэн "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тэгнэ ингэнэ" гэсэн заалт алга. Ажлаа өгсөн л бол, өөрөөр хэлбэл, огцорсон л бол 40-р зүйлийн 2-ийн дагуу бүрэн эрх дуусгавар болж, дараагийн ЕС Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ-р томилуулна гэсэн гаргалгаа гарч байна.

Харин Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т дараах байдлаар заажээ.
"Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна"

ЕС-ыг нөхөн томилдог юм байж. Энд огцорсон болон чөлөөлсөн гэдэг хоёр өөр ухагдахууныг нэг дор бөөндсөн байна. Үндсэн хуульд заагаагүй ухагдахуунууд тууж явна гэсэн үг л дээ.

Ардчилсан засаглалын схемийг хялбарчлаад харъя.

Чөлөөт сонгууль - УИХ дээр олонхи болох - Засгийн газраа бүрдүүлэх - Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх - Чөлөөт сонгууль - .....давтагдана.

Нэг ийм циклээр дүрсэлж болж байна. Чөлөөт сонгуулиар эхэлж, чөлөөт сонгуулиар цикль дуусч байна. Чөлөөт сонгууль бол олонхийн санаа бодлыг Засгийн эрхэнд тусгах процессийн эхлэл болоод дүгнэлт болох учиртай. Тиймээс гүйцэтгэх засгийг бүрдүүлж буй Засгийн газар нь энэ циклийн тусгал болж, Ерөнхий сайд танхимын гишүүдийн хооронд хариуцлагын тогтолцоо бүрдсэн байх ёстой. Үндсэн хуулийн 43.2 дахь заалт ийм санаа агуулж байна.

Гэтэл манайд ийм биш бололтой. "Улс төрийн тохироо" гэдэг үгийн цаана бүх шийдэл явагдаж байна. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн бололтой нөхдүүд ч энэ тохироогоор хамгаалагдан халдашгүй дархан эрх олж, азгүй нэг нь мөн энэ тохироогоор гэмт хэрэгтэн болж байна. Сөрөг хүчингүй парламент Засгийн газрын тухай хуулийн 21.2-ийн бөөндсөн, учир битүүлэг бүрхэг заалтыг барин иргэдийн толгой угааж, танхимаа хамгаалах гэж үхэн хатан зүтгээд байх юм. Иргэдийн байр сууринаас сэтгэдэг хардаг засаглал чухал болоод байна.







Monday, October 05, 2009

Найруулагч Батмөнхийн бүтээлийг үзэв

Өнөөдөр найруулагч С.Батмөнхийн кино цоморлигийн нээлт Тэнгис кино театрт боллоо. Батмөнхтэй би 2007 оны хавар танилцсан юм. Тэгэхэд Германд телевиз киноны дээд сургуулийг дүүргээд дөнгөж эх орондоо буцаж ирээд байсан. Түүний өргөн агаад гүнзгий мэдлэг, гадаад хэлний өндөр чадвар, цаг үеийг үнэлэх соргог мэдрэмжийг андын хувьд биширч явдаг нэгэн л дээ. Батмөнх хэд хоногийн өмнө утасдаж, өөрийн анхны киноны нээлтэд урив. Ажиллаж буй студи дээр нь очиж, урилгаа гардлаа. За тэгээд өнөөдөр ажлаа тараад Тэнгисийг чиглэв. Олон герман хүн иржээ. Бас манай кино урлагийн нэртэй жүжигчид ч ирсэн харагдана. Тэнгисийн нэг танхим дүүрэн зочид цугласан байв.


Эхний кино нь "Шамбалын орны эрэлд". Нэг залуу лам шамбалын орныг эрэхээр урт аянд бадарчлан явна. Говийн айлд очин, сэтгэлдээ харж явсан хөдөөгийн үзэсгэлэн болсон хүүхэнтэйгээ таарна...За за, Бүгдийг яриад яахав. 90-ээд онд тайзан дээр Ромеод тоглож од болж байсан жүжигчин Гэрэлсүх гол дүрд нь тоглож байна. Зураг авалт, дуу ёстой янзтай. Жүжигчдийн тоглолт ч гоё болжээ. Монголын байгаль гэдэг тэр чигтээ л уран зураг. Уран зургийн дотор бадарчин. Уг киноны зохиомж, санаа тун энгийн атлаа үзэгч таныг эргэцүүлэхэд хүргэх идтэй байнам. Винайн ёсыг сахиж, хоосон чанарыг шүтдэг лам хүн төдийгүй бид ч гэсэн дотор сэтгэлдээ хүсэл гүйцээдэг шидийн орныг хайж байдаг. Тэгээд шидийг олоод нисэхийг шахаж байтал шидэмсээр боолгон үхэхийг шахав гэдэг шиг эрэл маань зэрэглээ болон замхарнам. Ийм санаа энэ бүтээлд цухалзаад байх шиг санагдав.

Дараа нь "Сүүлчийн хүсэл". Германы жүжигчид тогложээ. Германаар ярьж, доор нь монгол хэлээр сабтайтл нь гарч байна. Киноны сүүлчийн хэсэг нь их сонин санагдав. Нээрээ ч энгийн иргэдэд улс төр ямар падлий байх вэ дээ. Уншигч та Тэнгист очоод үзвэл намайг юу хэлээд байгааг даруй ухна.

Киноны цоморлигийн сүүлчийн бүтээл нь "Жигүүр". Гол дүрийн хүүхэд их сайн тогложээ. Агуулгыг нь яриад яах вэ. Бүтээлийн зураг авалт, дуу, бүтээлийн санаа сэтгэлд хоногшив. Хоногшино гэдэг сайн бүтээлийн язгуур шинж болов уу. Гол дүрийн жаалхүү цамхаг дээрээс үсэрч зориглоогүй боловч жигүүрээ үүрээд хамаг хүчээрээ гүйж яваа киноны сүүлчийн хэсэг сэтгэл догдлуулам байв. Санаа байвч сачий хүрэхгүй. Сачий хүрэхгүй учраас л өдөр бүр мөрөөдөж, нисэн дүүлэх гэж оролдсоор байна. Энэ л чухал шүү дээ. Мөрөөдөлд хүрч орхивол мөрөөдөл дуусна. Хүрч чадахгүй байгаа мөрөөдөл чиний дэргэд үргэлж байж, чамайг өдөөдөг байвал яг л дүүлэх гэж оролдон байдаг чадлаараа гүйж яваа Бумаа хэмээгч энэхүү жаалхүү шиг сэтгэл татам чанарыг өөртөө шингээдэг ажээ.

Батмөнх ч гэсэн киноныхоо нээлтэд ингэж хэлсэн шүү. "Жижиг ч гэсэн мөрөөдөж бай. Мөрөөдлөө бүү хая. Хүрэхээр оролдоод байвал хэзээ нэг цагт биеллээ олно" гэж. Андынхаа бүтээлийн талаар хувийн сэтгэгдлээ дурдахад нэг иймэрхүү санаа орж ирж байна.