Sunday, January 08, 2017

Изанаги, Изанами (2016)

Домгийн талаар ойрын үед бодоод байгаа юм. Японы "Эртний явдлын тэмдэглэл" буюу "Кожики" хэмээх бүтээл бий. 711 онд зохиогдсон гэдэг. Тухайн үед японы авиа тэмдэглэх үсэг хараахан бүрэлдээгүй үе тул манай Нууц товчоог тэмдэглэсэн аргаар буюу ханз үсгээр япон үгийг тэмдэглэсэн тал бий. Аливаа үндэстэнд гарал үүслээ тэмдэглэсэн миф буюу домог байдагчлан уг бүтээл эхнээсээ л бурхдын ертөнцөөс эхэлнэ.Эдгээр үлгэр домгоос Изанами, Изанаги-гийн домог миний анхаарлыг татдаг юм. Энэ хоёр бурхан эхнэр нөхөр болж, Японы арлуудыг төрүүлнэ. Түүнээс гадна Японыг эрхшээсэн олон бурхныг төрүүлэх боловч эхнэр Изанами нь Галын бурхныг төрүүлэхдээ умай нь шатаж, төрөлтийн хүндрэлээр өөд болон, үхэгсдийн оронд заларна. Нөхөр нь хайрт эхнэр дээрээ очихоор үхэгсдийн ертөнцийн агуйд ороод гэрэл гарган, хайрт эхнэрийнхээ хагас үмхэрч үзэхийн аргагүй болсон дүрийг харчихдаг. Изанами нөхөртөө ийм дүрээ харуулсандаа ичиж, уурлаж, сүүлдээ үзэн ядаж, нөхрийнхөө амийг авахаар хөөнө. Нөхөр нь сам шидэж уул болгон гэх мэт монгол ардын үлгэрт ч гардаг үйл явдал өрнөнө. Арай ядан хадан агуйн гадаа гарч амьдын ертөнцөд орж ирэхэд агуйн хананы цаанаас Изанами "Би өдөр бүр 1000 хүний амийг бүрэлгэн чамаас авна" гэж занахад Изанаги "Би тэгвэл өдөр бүр 1500 хүн төрүүлнэ" гэдэг...Домог ийнхүү цааш үргэлжилнэ. Ард түмнүүдийн домогт төстэй үйл явдлууд дэндүү олон. Үхэгсдийн орны үүдэнд байдаг агуй бол эртний Грекийн домог үлгэрийн Геракл баатрын бүлэгт гардагтай төстэй байхад чөтгөр болон хувирсан эхнэрээсээ зугтдаг нь манай үлгэрт ч байх жишээтэй.
Энэхүү бүтээл Шинэ Монгол сургуулийн номын санд япон хэлээр бий. Манга буюу комикс байдлаар хялбаршуулсан нь ч байгаа. 

No comments: